• Монгол орон мандан бадраг!

Wassily Leontief


Василий Леонтьев (WASSILY LEONTIEF 1906-1999) нь орц-гарцын загварчлалын эхлэлийг тавьж, түүнийг хөгжүүлснээрээ ихэд алдаршсан юм. Энэ загварчлал нь эдийн засгийн тодорхой салбаруудын хоорондын харилцаа уялдааг тайлбарладаг бөгөөд эдийн засгийн онол, практикт нилээд өргөн хэрэглэгддэг байна. Хамгийн товчоор дүгнэн хэлэхэд энэ загварчлал нь эдийн засаг хэрхэн ажилладаг талаар өргөн ойлголт өгдөг болно.

Орц-гарцын загварчлал (Леонтьев 1946) нь эдийн засаг өсөх үед зарим бүтээгдхүүний үйлдвэрлэл эрэлт хэрэгцээгээ хангаж чадах эсэх, бүтээгдхүүний хомсдол бий болох эсэх болон үнийн хөөрөгдөл салбар хооронд хэрхэн хуваарилагдаж буйг тооцоолоход хэрэглэгдэж ирсэн байна. Мөн түүнчилэн энэ загварчлал нь Дэлхийн II дайны дараа коммунист орнууд болон хөгжиж буй орнуудад 5 жилийн төлөвлөгөө боловсруулахад өргөнөөр хэрэглэгдэж байжээ.

Леонтьев Оросын Санкт-Петербург хотноо өндөр боловсролтой чинээлэг гэр бүлд 1906 онд төржээ. Түүний эцэг нь Санкт-Петербургийн Их сургуульд хөдөлмөрийн эдийн засаг заадаг, харин эх нь урлаг судлаач байв. Леонтьев нь ихээхэн гоц авьяастай хүүхэд байсан байна. Тэрээр 15 настай байхдаа их сургуульд элсэн оржээ. Их сургуульд тэрбээр философ, социологи, эдийн засаг судалж байв. Оюутан байх үедээ тэр үеийн коммунист засгийн газрыг ихээхэн шүүмжилж үүнийхээ улмаас   байнга асуудалд орж байсан ба шоронд ч хэд хэдэн удаа сууж байв.

Тэрээр 1925 онд 18 настайдаа нийгмийн ухааны магистрийг эдийн засагч мэргэжлээр авсан байна. Үүний дараахан Леонтьевийн гэр бүл коммунист дэглэмтэй үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан тул Оросыг орхин гарч Германд суурьшсан байна. Энд Леонтьев Берлиний Их сургуульд элсэн орж эдийн засгийг үргэлжлүүлэн судлах болсон ба улмаар 1928 онд Ph.D. хамгаалжээ.Берлиний нэгэн кафед Хятадын хэсэг төлөөлөгчидтэй санаандгүй танилцсан нь түүний Хятадын Төмөр Замын Сайдын зөвлөх болох эхлэлийг тавьжээ.Энэ албан тушаалд нэг жил гаруй хугацаанд ажиллахдаа Хятадын төмөр замын сүлжээг байгуулах төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай тоо мэдээллийг цуглуулахаар Хятадаар хөндлөн гулдгүй хэрэн аялсан байна.Энэхүү судалгааны ажлын явцад эдийн засгийн салбар хоорондын харилцаа болон эдгээр харилцааг бодит тоо мэдээллээр илэрхийлэх боломжийн талаар ойлголтоо улам гүнзгийрүүлсэн байна.

Леонтьев 1931 онд АНУ-д ирлээ. Тэр эхлээд Нью-Иорк дахь Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Товчоо(National Bureau of Economic Research)-нд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж дараа нь Харвардын Их сургуульд шилжин олон жил ажиллажээ. Чухамхүү Харвардын их сургуульд байхдаа 1930-аад онд АНУ-ын эдийн засгийн орц-гарцын загварчлалыг боловсруулж эхэлсэн байна.Үүнээс хойш энэхүү загварчлалаа улам сайжруулах, баяжуулах чиглэлээр олон жилийн турш ажилласан бөгөөд бодит эдийн засагт гарч байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү загварчлалыг хэрэглэх олон арга замыг тэрбээр олж нээжээ. Леонтьев 1975 онд Харвардын Их сургуулиас Нью-Иоркийн Их сургуулийн Эдийн засгийн сургуульд шилжсэн байна.

Леонтьевийн эдийн засгийн онол, практикийн амьдралд оруулсан хувь нэмрийг олон нийт өндрөөр үнэлж байв. 1970 онд Леонтьев Америкийн Эдийн Засгийн Холбоо (the American Economic Association)-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа. 1973 онд тэрбээр эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. В.Леонтьевт энэ шагнал олгохдоо Нобелийн Хорооноос чухамхүү түүний бүтээгдхүүний орц-гарцын загварчлалыг иш үндэс болгосон байна.Бүтээгдхүүний орц гарцын загварчлал нь В.Леонтьевийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хамгийн гол хувь нэмэр юм.

Хэдийгээр эдийн засаг нь түүнийг бүрдүүлж буй салбаруудын нийлбэр нэг цогц болох тухай, нэг салбар нь нөгөөгөөсөө бараа худалдан авч, нэг салбараас нөгөө лүү мөнгөний урсгал шилжих тухай, энэ нь бүх л салбарт хамаарах тухай Кантиллон, Куисней нар эхэлж өгүүлсэн боловч гагцхүү Леонтьев л эдгээр харилцаа уялдааг математикийн хэлээр илэрхийлж, бодит амьдрал дээрх бүтээгдхүүний орц-гарцын хүснэгтийг боловсруулахад шаардлагатай тоо мэдээллийг цуглуулан нэгтгэсэн байна.Үүнээс гадна эдийн засгийн байдлыг математикийн хэлээр илэрхийлэх, үүнтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх арга замыг чухамхүү Леонтьев л боловсруулсан байна.Энэ загварчлал нь аль нэг салбарын өөрчлөлт нь бусад салбартаа хэрхэн нөлөөлөхийг судлан дүгнэх боломжийг эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачдад олгож байна.Мөн түүнчлэн орц-гарцын анализ нь улс орны эдийн засгийн хөгжлийн иж бүрэн төлөвлөлт хийх боломж олгох ба үүнийг капитализмийн хөгжлийн дараагийн шатанд зайлшгүй шаардлагатай гэж Леонтьев өөрөө үзэж байв.

Орц-гарцын загварчлалыг дараахь байдлаар бүдүүвчилэн тайлбарлаж болох юм.Аль нэг эдийн засагт ямар нэгэн бүтээгдхүүнийг тухайлбал, машиныг нэгийг нэмж үйлдвэрлэе гэж үзье. Тэгвэл энэхүү нэмэгдэл нэг машинд хэрэгтэй бүхий л сэлбэг хэрэгсэл, дугуй, цонхны шил, мотор нэмж хэрэгтэй болно гэсэн үг.Үүний хамт тухайн нэг сэлбэгийг үйлдвэрлэхэд өөр бусад сэлбэг хэрэгтэй болно гэсэн үг. Нэмж дугуй хийхийн тулд нэмэгдэл резин, суурь машин хэрэг болно гм. Энэ бүгдийг хийж гүйцэтгэх нь нарийн түвэгтэй бөгөөд энэ бүх шаардлагатай сэлбэг хэрэгсэл, түүхий эдийг зөөж тээвэрлэхэд дахиад нэмж машин хэрэг болно. Ингээд нэг машин нэмж үйлдвэрлэхийн тулд өшөө нэг хэсэг машин дахиж үйлдвэрлэх шаардлагатай гм.

Хөдөлмөр зарцуулалтыг энэ зарчмын дагуу илүү хялбараар тооцоолж болно. Ажилчдыг өөр бусад орц шаардахаар мөн авч үзнэ.Тэдгээр нь хоол хүнс, хувцас хунар, орон сууц, ажилдаа ирж очих унаа хөсөг хэрэглэнэ.  

АНУ-ын аж үйлдвэрийн зарим салбаруудын бүтээгдхүүн болон технологийн хэрэгцээг нарийвчилан судалсны үндсэн дээр Леонтьев (1941) аж үйлдвэрийн голлох салбаруудын бүтээгдхүүний орц-гарцын харилцааг математик тоон илэрхийллээр тодорхойлсон ажээ.Энэхүү нягтлан бодох бүртгэлтэй төстэй аргачлалаар аль нэг бүтээгдхүүн үйлдвэрлэхэд шаардагдах бусад бүх бүтээгдхүүн, ажил үйлчилгээний нэр төрөл, хэмжээг тогтоосон байна. Леонтьев энэхүү загварчлалын хүрээнд эдийн засагт бүтээгдэж байгаа бүтээгдхүүн бүрээр математик тэгшитгэлийн схем тооцон гаргасан байна.Компьютерийн туслалцаатайгаар Леонтьев нь эдгээр тэгшитгэлүүдийн хариуг олох боломжтой байв. Тухайлбал, түүний тэгшитгэлүүд нь нэг машин нэмж үйлдвэрлэхэд ямар бүтээгдхүүн, түүхий эд, материал хэдий хэмжээгээр хэрэгтэй болохыг тогтоож өгдөг байлаа.Эдгээр бүтээгдхүүн, түүхий эд, материал хэрэгцээтэй хэмжээгээр үйлдвэрлэгдэхгүй, нийлүүлэгдэхгүй тохиолдолд бүтээгдхүүний хомсдол бий болж ямар ч нэмэгдэл машин үйлдвэрлэгдэхгүй болно гэсэн үг.

Орц-гарцын загварчлалын ач холбогдол нь зөвхөн технологийн харилцааг тодорхойлсноор хязгаарлагдахгүй. Эдийн засгийн бодлого өөрчлөгдөхөд түүний үр дагавар нь ямар байх талаар энэ загварчлал зохих төсөөлөл өгдөг тул улс төрчид, нэн ялангуяа бодлого боловсруулах шатанд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, Засгийн газрын батлан хамгаалах зардлыг бууруулах нь эцсийн дүндээ зэвсгийн үйлдвэрлэл, түүний бэлтгэн нийлүүлэгчид, бэлтгэн нийлүүлэгчдийн бэлтгэн нийлүүлэгчдэд хүнд цохилт өгөх нь гарцаагүй. Үүний хажуугаар дэд бүтцийн салбарт (зам, гүүр, төмөр зам гм) илүү их хөрөнгө оруулах нь их барилгын салбар, түүний бэлтгэн нийлүүлэгчид, бэлтгэн нийлүүлэгчдийн бэлтгэн нийлүүлэгчдэд томоохон дэмжлэг болох нь ойлгомжтой. Энэ хоёр хэсэг өөрчлөлтийг харьцуулан үзсэнээр Засгийн газар нь батлан хамгаалах зардлын зарим хэсгийг улс орны өөр бусад зориулалт, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн бусад салбарт шилжүүлснээр ямар эцсийн үр дүнд хүрэхийг тооцоолох боломжтой болох юм (Леонтьев 1961; 1965; 1986, 9 ба 10-дугаар бүлгүүд).

Леонтьев (1986, 5 ба 6-дугаар бүлгүүд) АНУ-аас бусад оронтой хийж буй худалдааны харилцааг судлан үзэхдээ орц-гарцын аргачлалыг ашиглан эдийн засгийн онолуудыг хэрхэн шалгаж болохыг харуулсан байна. Импорттой харьцуулах юм бол Америкийн экспортод техник, технологийн (капиталын) орц харьцангуй бага, харин хөдөлмөр зарцуулалт илүүтэй байгааг тогтоогоод тэр өөрөө ихээхэн гайхсан гэдэг. Энэ нь капитал-баялаг орнууд (АНУ гм) капитал орц ихтэй бүтээгдхүүн экспортолж хөдөлмөрийн орц ихтэй бүтээгдхүүн импортолдог байх ёстой гэсэн уламжлалт гадаад худалдааны онолтой харшилсан байна.Үүнийг эдийн засгийн онолд Леонтьевийн Парадокс гэж нэрлэдэг болсон ажээ. Леонтьевийн энэхүү нээлт нь уламжлалт худалдааны онолыг бодит амьдралтай уялдуулан шинэчлэх дараа дараагийн оролдлогуудын эх суурийг тавьжээ.

Орц-гарцын загварчлалын бодит эдийн засагт хэрэглэгдсэн өөр нэг чиглэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын захиалгаар Леонтьевийн 1973 онд хийсэн судалгаанаас (1977; 1986, 11 ба 12-дугаар бүлгүүд) эхлэлтэй юм. Энэхүү судалгаа нь дэлхийн нийт эдийн засгийн орц-гарцын загварлалыг боловсруулахдаа байгаль орчныг эдийн засгийн салбарын хэмжээнд анх удаа авч үзсэн явдал. Эдийн засгийн аливаа салбар нь машин, дугуй гм өөрийн үндсэн бүтэээгдхүүнээ үйлдвэрлэхээс гадна байгаль орчны бохирдолтыг их бага ямар нэг хэмжээгээр гаргадаг байна. Тэгэхээр бусад салбарт бий болсон байгаль орчны бохирдолтыг өөрийн орцоо болгосон бохирдлыг багасгах үүрэг бүхий салбар байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Энэхүү салбар нь эдгээр бохирдлыг арилган байгаль орчныг унаган төрхөнд нь оруулах үүрэгтэй ба энэ нь уг салбарын гарц болох юм. Леонтьев энэхүү загварчлалыг үйлдвэрлэлийг өргөтгөхөд байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг судлах, эдийн засгийн өсөлтийг дагалдах өртөг зардал, хохирлыг аль болох бүрэн тооцоход ашигласан байна.

1940-өөс 1960-аад он хүртэлх хугацаанд орц-гарцын загварчлал нь дэлхий дахины анхаарлын төвд байв. Компьютерийн шинжлэх ухаан асар хөгжснөөр иж бүрэн, бодитой орц-гарцын загварчлалыг улс орон бүрт зориулан тооцон гаргах боломжтой болов. Дэлхийн II дайны үеэр олон улс орны Засгийн газар орц-гарцын загварчлалыг ашиглан эдийн засгийн аль салбарт ямар түүхий эд, материалын хомсдол гарч болзошгүй , ямар бодлого авч хэрэгжүүлбэл эдгээр салбарт үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадахыг тооцон тогтоож байв. Тэр ч байтугай дайны дараа дэлхийн олон орон өөрсдийн эдийн засгийн ирээдүйгээ зах зээлийн зохицуулалтад найдан урсгалд нь хаяхгүй харин ч тодорхой бодлогын хүрээнд авч явах гэсэн эрмэлзэлтэй болсон байна. Засгийн газрын төлөвлөлтийн агентлагууд нэн өндөр хөгжилтэй хийгээд хөгжиж буй орнуудад аль алинд нь байгуулагдсан бөгөөд орц-гарцын загварчлал нь тэдгээрийн ажилд ихээхэн хувь нэмэр үзүүлсэн байна.

Гэхдээ 1970-аад оноос эхлэн орц-гарцын загварчлалын хэрэглээ багасч эхэлжээ. Энэ нь нэгдүгээрт, нийгмийн сэтгэл зүй энэ үед хатуу төлөвлөлтөөс татгалзан хөгжлийн чиг хандлагыг зах зээлийн харилцаа өөрөө зохицуулах нь зөв гэсэн ойлголтод шилжсэнтэй холбоотой байлаа. Хоёрдугаарт, орц-гарцын загварын зарим нэг дутагдал, зарим нэг хязгаар нь улам тодорч ирсэн байна. Хоорондоо маш ихээхээр шүлжилдсэн салбарын харьцаа бүхий томоохон эдийн засагтай улс орны хувьд хүнд хүчир ажиллагаа ихтэй, өртөг зардал өндөр орц-гарцын загварчлалыг бодит амьдралтай уялдуулан байнга өөрчилж байх нь улам бүр хүндрэлтэй болж байв. Үүнтэй холбогдон орц-гарцын загварчлал нь хоцрогдсон, хуучин тоо мэдээлэлд түшиглэх болж бодлогын ач холбогдлоо алдаж эхэлсэн байна (Маршалл 1989, 162-дугаар хуудас).

Гуравдугаарт, хамгийн гол нь бодит амьдралд эдийн засгийн өсөлт болон хөгжилд технологи, үйлдвэрлэлийн арга хэрэгслийн үзүүлэх нөлөө урьд байгаагүй тийм хэмжээнд хүрлээ. Технологийн ололт амжилтаас хамаарч урьдынхаасаа хавьгүй бага хэмжээтэй орц хэрэглэх боллоо.Энэ нь орц-гарцын уялдаа харилцаа байнга өөрчлөгдөх болж байна гэсэн үг. Гэтэл орц-гарцын загварчлалд энэ нь тогтмол байхаар өгөгдсөн байдаг байна.

Леонтьев орц-гарцын загварчлалаас гадна эдийн засгийн шинжлэх ухааны арга зүйн асуудлууд болон тэр үеийн эдийн засагчдын өдөр тутмын практикийн талаар ихээхэн анхаарч байв. Энэ агуулгаараа Леонтьев нь бодит судалгаанд тулгуурласан загвар зохион бүтээгч төдийгүй эдийн засгийн хурц шүүмжлэгч байв. Эдийн засгийн арга зүйн талаар өөрийн анхны шүүмжлэлээрээ (Леонтьев 1937) Кейнс болон түүнийг аялдан дагалдагчдыг дүгнэлт нь эхнээсээ загварынхаа суурь болчихсон, хэтэрхий хийсвэр онолын загварчлал гаргаж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Эдийн засгийн механизм, үйл ажиллагааг жинхэнэ бодитой судалгаанд тулгуурлан тайлбарлаж тогтоохгүйгээр хийсэн аливаа онолын загварчлал нь бодит эдийн засагт нүүрлэж буй ямар ч хүндрэлтэй асуудалд хариулт өгч чадахгүй гэж тэрбээр үзэж байв.Энэ шүүмжлэлийн цаад агуулга нь эдийн засгийн шинжлэх ухаан нь бодит судалгаанд тулгуурлахаа улам бүр больж, хэт онолжиж буйг анхааруулж байгаад оршиж байгаа юм.

Америкийн Эдийн Засгийн Холбооны Ерөнхийлөгч байхдаа тавьсан илтгэлдээ (1971) өөрийн мэргэжил нэгт нөхдүүдийнхээ эдийн засгийн шинжлэх ухаанд хандаж буй хандлагын талаар шүүмжлэлээ үргэлжлүүлсэн байна.Энэ удаа түүний шүүмжлэл эдийн засгийн шинжлэх ухаанд математик гаргалгааг хэлбэр төдий ашиглаж байгаад чиглэгджээ.Тэрээр онолын эдийн засагчдыг хийсвэр загвар зохиож байна хэмээн, тэр хийсвэр загварынхаа суурь үндэслэлийг бодитой зөв байна уу үгүй юу гэдгийг эс тоож байна хэмээн, зарим зайлшгүй байх өгөгдхүүн болон нөхцөлийг уг загвартаа оруулахгүй хасч байна хэмээн маргаж байв. Нэгэнт суурь үндэслэл нь буруу тул математик гаргалгаа нь ч буруу, үүнд тулгуурласан онолын дүгнэлт нь ч буруу болно гэж тэр үзэж байсан байна (Самуэльсонг мөн үзэх).

Үүнээс гадна Леонтьев зарим эдийн засагчид эргэлзээтэй, чанаргүй тоо мэдээлэлд тулгуурлан нарийн түвэгтэй статистик судалгаа хийж буйд шүүмжлэлтэй хандаж байв.Тэрбээр нарийн түвэгтэй аргачлал боловсруулах цагаа хэмнэн тоо мэдээлэл цуглуулахдаа нар цагаа илүүтэй зарцуулж байхыг эдийн засаг судлаачдад зөвлөжээ. Леонтьев нь эдийн засгийн харилцаа нь байгалийн шинжлэх ухаанд байдагтай адилгүй дор хаяж хувь этгээдээс хамаарсан харилцаанаас хамаарч цагийн эрхэнд байнга өөрчлөгдөж байдаг хэмээн үзэж байжээ.Энэ үзэл баримтлал нь мөн макро-эдийн засгийн загварчлалын талаархи Лукасын шүүмжлэлтэй нийцэж байгаа юм.

Товчхон хэлэхэд Леонтьев “тоо мэдээллийг системтэй цуглуулах, энэ нь байгалийн болон түүхийн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй зовлон нэгт нөхдүүдээс боловсруулагдсан, эсвэл тэднээр хүлээн зөвшөөрөгдсөн“ байх талаар эдийн засагчдад зөвлөсөн байдаг. Мөн бусад шинжлэх ухаан, тухайлбал социологи, инженер, удирдлагын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байхыг эдийн засагчдад зөвлөж байв.Энэ нь судалгаа шинжилгээний ажилд ихээхэн хувь нэмэр болохоос гадна дээрх салбарт ажиллагсад нь тоо мэдээллийг цуглуулах, түүндээ задлан шинжилгээ хийхдээ дадлага сайтай байдаг тул эдийн засагчид тэднээс ихээхэн зүйл суралцаж болно гэж үзжээ.

Онолын эдийн засагчдын өдөр тутмын практик ажиллагааны талаархи үүнтэй адил төстэй шүүмжлэл ихээхэн гарч байсан (тухайлбал, Майер 1993) боловч, харамсалтай нь дээрх шүүмжлэлийн аль нь ч төдийлөн олон нийтийн анхааралд өртсөнгүй, Леонтьевийн хувийн нэр хүнд, эдийн засгийн бодитой тоо мэдээлэл цуглуулах талаар түүний олон жилийн туршлага аль аль нь энд нэмэр болсонгүй. Тэр ч байтугай онолын эдийн засагчдын дийлэнх нь энэ нэр хүнд бүхий хүнээс гарсан шүүмжлэлийг ойлгоогүй гэхэд болно.

Леонтьевийн бүх бүтээлийг нэгтгэн дүгнэвээс эдийн засаг нь бодитой тоо мэдээлэл, практикт тулгуурласан шинжлэх ухаан байх ёстой гэж үздэг нь түүний нэг гол зарчим гэдэг нь харагддаг. Зөвхөн энэ тохиолдолд л эдийн засгийн шинжлэх ухаан нь улс орны эдийн засагт нүүрлэсэн аливаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадах юм гэж тэрбээр үзжээ.Орц-гарцын загварчлал нь эдийн засаг хэрхэн ажиллаж буйг тайлбарлах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, салбарын уялдааг сайжруулах, бодлогын арга хэмжээ боловсруулахад нэн ач холбогдолтой ажээ. Онолын эдийн засагчид үүнийг нэгэнтээ хийхээ больсон нь Леонтьевийн хувьд ихээхэн харамсалтай болох нь ойлгомжтой.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН