• Монгол орон мандан бадраг!

Friedrich Hayek


Фриедрих Хайек (FRIEDRICH HAYEK 1899-1992) чөлөөт зах зээлийн харилцааг тунхаглагч, хувь хүмүүс зах зээлийн харилцаагаар дамжуулан чөлөөтэй солилцоо хийхэд Засгийн газар оролцохыг эсэргүүцэгчийн хувиар дэлхий дахинд ихээхэн нэрд гарчээ. Засгийн газрын шийдвэр, оролцоо биш харин хувь хүмүүсийн сонголт л эдийн засгийн өгөөж (өндөр үр ашиг), эдийн засгийн бус өгөөж (эрх чөлөө, тусгаар тогтнол) аль алиныг нь авчирна гэсэн ойлголт түүний бүтээлүүдэд хүчтэй шингэсэн байдаг.

Хайек 1899 онд Австрийн Вена хотод төржээ. Түүний өвөг эцэг нь Австрийн нэрт эдийн засагч Баум-Боуворк (BЦhm-Bawerk)-ын найз, харин эцэг нь эмч бөгөөд Венагийн Их сургуульд ургамал судлал (ботаник) заадаг байж. Дэлхийн I дайн болоход Хайек Австрийн армид дайчлагдан Италийн фронтод байлдаж байв. Дайн дууссаны дараа тэрээр Венагийн Их сургуульд орсон бөгөөд тэнд хууль (1921) болон бодлогын шинжлэх ухаан (1923)-ы докторын зэрэг хамгаалжээ.

Сургуулиа дүүргэснийх нь дараа Австрийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн удирдагч Людвиг фон Мизес (Ludwig von Mises) түүнийг ажилд авлаа. 1927 онд тэр Хайекийг тус хүрээлэнгийн захирлаар томилов.Үүнээс дөрвөн жилийн дараа Лондонгийн Эдийн засгийн сургуулийн захирал Лайонел Роббинс (Lionel Robbins) эх газрын Европийн эдийн засгийн сэтгэлгээг Англид таниулах зорилгоор Хайекийг эдийн засгийн шинжлэх ухаан ба статистикийн профессороор урин ажиллуулжээ.

“Боолчлогдох зам” (Road to Serfdom) бүтээлээ 1944 онд хэвлүүлснээр Хайек дэлхийд нэр нь түгсэн нийгмийн ухааны онолын агуу сэтгэгч хэмээн тооцогдох боллоо. Багшлах талаар олон урилга авч байсан боловч 1950 онд л Чикагогийн Их сургуульд ажиллах саналыг хүлээн авсан байна.Эндээсээ 1962 онд тэтгэвэрт гарсан ба үүнийхээ дараа Европт буцан ирж, Фрейбург (Freiburg)-ийн Их сургуулийн хүсэлтийн дагуу тэнд ажиллах болов. 1974 онд Гуннар Мирдал (Gunnar Myrdal)-ын хамт эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртжээ. Нобелийн хорооноос энэхүү шагналыг зарлахдаа Хайекийн үзэл баримтлалаа илэрхийлж буй арга замыг нь онцгойлон авч үзсэн байна.

Хайек хөдөлмөр бүтээлийнхээ эхний үед (1930-аад он) мөнгөний онол болон бизнесс орчил (цикл)-ын онолд хувь нэмэр оруулсан байдаг. Дараа нь инфляци болон ажилгүйдлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлжээ. 1940-өөд он гэхэд Хайек социализм, Засгийн газрын төлөвлөлт, эдийн засагт оролцох Засгийн газрын аливаа оролдлогыг хүчтэй шүүмжлэгч болсон байна. Эдийн засгийн аливаа бэрхшээлийг Засгийн газар бий болгож байна, зах зээлийн харилцаанд оролцох эрхгүй байж оролцсоноороо байдлыг улам хүндрүүлж байна гэж Хайек үзжээ.

Өөрийн хамгийн анхны томоохон бүтээлдээ Хайек (1933) эдийн засгийн өсөлт болон бууралтанд мөнгөний гүйцэтгэх үүргийг судалсан байдаг. Энэхүү номоороо Виксел (Wicksell)-ийн “Хүү ба үнэ” (Interest and Prices) хэмээх бүтээлийг цаашид боловсронгуй болгох, чиг хандлагыг нь тайлбарлахыг зорьжээ. Бизнесс мөчлөгийн хувьд мөнгөний хүчин зүйл зайлшгүй байх нөхцөл мөн боловч зөвхөн мөнгөний нийлүүлэлтийг хянах замаар үйлдвэрлэлийг зохицуулах гэж оролдох нь хангалтгүй гэж тэр үзсэн байна.Харьцангуй үнэ өөрчлөгдөх нь бизнесс мөчлөгийг ойлгоход гарцаагүй шаардлагатай бас нэг хүчин зүйл юм.

Баум-Боуворкийн нэгэн адил капиталист эдийн засаг бүтээгдхүүнийг улам бүр нарийн шат дамжлагаар дамжуулан үйлдвэрлэх болж байна гэж Хайек итгэх болжээ. Машин тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашиглахаасаа өмнө тэдгээрийг өөрсдийг нь үйлдвэрлэх, хийх шаардлагатай байдаг нь тухайн барааг үйлдвэрлэхээс эхлээд зах зээлд хүргэх хүртэлх цаг хугацааг уртасгадаг байна.

Банкнаас мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх үед нөгөө талд нь хадгаламж өсөхгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний эрэлт шууд нэмэгдэнэ. Ингэснээр өргөн хэрэглээний барааны үнэ бусад бараа, ажил үйлчилгээнийхтэй харьцуулах юм бол харьцангуй өсөх болно. Бизнесс эрхлэгчид энэхүү эрэлтийг хурдан хангахын тулд дээрх үйлдвэрлэлийн шат дажлагыг багасгах, цаг хугацааг богиносгоход анхаарал тавина. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд банкууд зээлийнхээ хүүг бас өсгөх болно. Учир нь урьд нь зээлүүлсэн мөнгө эргэж төлөгдөхдөө урьд нь тэр мөнгөөр авч чадах байснаас бага хэмжээний бараа авахаар чанар, үнэ ханш нь буурч орж ирэхийг банкууд хүсэхгүй гэдэг нь ойлгомжтой. Илүү өндөр хүү нь хэрэглээг хязгаарлана. Өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл багасч, ажилчдаа халж эхэлнэ. Илүүдэл хүчин чадал, бараа бүтээгдхүүнүүд шаардлагагүй болж эхэлнэ. Нөгөө талаас тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг салбаруудын бүтээгдхүүний эрэлт хэрэгцээ бас буурч, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг салбаруудаас илүүдсэн ажиллах хүчийг шингээх боломжгүй болно.

Ажилгүйдлийн учир шалтгааныг тайлбарласан энэхүү дүн шинжилгээ нь Кэйнс (Keynes)-ийнхээс нилээд ялгаатай юм. Эрэлт хэрэгцээ буурсан нь ажилгүйдлийн шалтгаан гэж Хайек үзээгүй бөгөөд харин эрэлт хэрэгцээний бүтэц буюу “буруу” барааны (хөрөнгө оруулалтын чанартай бүтээгдхүүн гэхээсээ илүүтэйгээр өргөн хэрэглээний бараа) эрэлт хэрэгцээний өсөлт бууралтаас ажилгүйдэл илүүтэйгээр хамаарч байна гэж тэр тооцсон байна. Хэрэглэгчийн эрэлтийг бууруулан түүнээс хэмнэгдэх нэмэлт хуримтлалыг илүү урт хугацаа шаардсан үйлдвэрлэлийн дамжлага бий болгох зорилго бүхий хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ашиглах боломж бизнесс эрхлэгчдэд бүрдэнэ.

Их хямралын үед чухамхүү ийм л шалтгаанаар эдийн засгийг өргөжүүлэх Кейнсийн бодлогыг ажилгүйдлийг багасгахад ашиглахыг Хайек эсэргүүцэж байв. Эрэлт хэрэгцээг урамшуулах, улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг хөөрөгдөх тул Хайек буруу гэж үзжээ. Кейнсийн энэхүү бодлого нь эдийн засгийн багаахан бууралтыг урт хугацааны хямрал болгон хүндрүүлж байна гэж тэр маргаж байлаа. Кейнсийн онол нь инфляцийг нэмэгдүүлснээрээ эдийн засгийг нэгмөсөн хохироож байна гэжээ.

Инфляцийн хортой хэд хэдэн талыг Хайек заасан байдаг. Юуны өмнө зах зээлийн эдийн засгийн хамгийн чухал нэг шинж чанар нь мэдээллээр хангах явдал гэж Хайек (1945) үзэж байв. Үнэ нь аль барааг бүтээхэд бага хөдөлмөр шингэж, бага материал, түүхий эд зарцуулсныг хэрэглэгчдэд харуулдаг. Үүнээс гадна аль орц нь өртөг багатай, үйлдвэрлэлийн ямар арга нь зардал багатай болохыг бизнесс эрхлэгчдэд үнэ хэлж өгнө. Харин инфляци үнийн энэхүү чухал үүргийг бусниулж байна. Бүх л үнэ эцэс төгсгөлгүй өссөнөөс болж ямар бараа өртөг хямдхан болон ямар үйлдвэрлэл зардал багатай байхыг тогтооход хүндрэл гарна. Үүний улмаас бараа бүтээгдхүүн нь жинхэнэ үр ашигтай газартаа хэрэглэгдэхгүй болох бөгөөд энэ нь инфляци эдийн засагт гажуудал үүсгэж буй хэрэг. Тухайн улс орны эдийн засгийн үр ашиг бүхэлдээ буурах ба энэ нь ард иргэдийн худалдан авах чадварт ч сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт; үнийн өсөлтийг тооцоондоо аван, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд бизнесс эрхлэгчид нь өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн процессийн шат дамжлага цаг хугацааг богиносгох арга хэмжээ авна. Энэ нь эцсийн дүндээ эдийн засгийн алс хэтийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж тэр тэмдэглэсэн байдаг.

Инфляцийн талаархи санаагаа илэрхийлэхдээ Хайек орлогын бодлогыг инфляцийн эсрэг тэмцэлд зэвсэг болгон хэрэглэхийг бүүр хүчтэй үгүйсгэж байв.Үүнийг дарангуйлал ноёрхсон төр лүү аваачих замыг засч байгаа явдал гэж тэр үзжээ. Үүнээс гадна орлогын бодлого нь инфляцийн нэгэн адил үнээр дамжуулан мэдээлэл авах боломжийг үгүй хийдэг. Орлогын бодлого нь инфляцийн гол шалтгаан болсон хэт их мөнгө эдийн засагт эргэлдэж буйг огт хайхрахгүй орхиж байна гэж Хайек эцэст нь үзжээ. Эдийн засаг дахь мөнгө хэт их нэмэгдсэнээс инфляци шалтгаалж байгаа бол энэхүү инфляцийг бууруулахын тулд мөнгөний нийлүүлэлтийг багасгах хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт хэт их нэмэгдэх нь Засгийн газар мөнгө хэвлэх болон эргэлтэд оруулах эрхийг өөртөө монопольчилон авснаас шалтгаалж байна гэж Хайек (1976) цохон тэмдэглэжээ. (Монголд бол мөнгө хэвлэх болон эргэлтэд оруулах эрх Монголбанкинд байдаг. Ред.) Хайекийнхаар бол мөнгөний нийлүүлэлтийг Засгийн газар монопольчилсноор инфляцийг хөөрөгдөх хоёр хүчин зүйл бий болгож байгаа аж. Нэгдүгээрт нь: Засгийн газар өөрийн зардлаа санхүүжүүлэх хамгийн хөнгөхөн хялбар арга гэж үздэгийн улмаас мөнгө хэвлэх сонирхолд байнга хөтлөгддөг. Хоёрдугаарт: Мөнгө хэвлэн, түүнийг эргэлтэд оруулж инфляцийг хөөрөгдөх сонирхол Засгийн газарт байнга байдаг. Яагаад гэвэл инфляци нэмэгдсэнээр Засгийн газар өөрийнхөө урьд нь авсан зээл, өр төлбөрөө үнэгүйдүүлэн, чанарын хувьд бага үнэлгээтэйгээр зардал багатай төлөхийг хүсэх нь ойлгомжтой.

Инфляцийг хөөрөгдсөн Засгийн газрын ийм алхмуудыг хязгаарлахын тулд хувийн бизнесс эрхлэгчдөд өөрийн гэсэн төлбөрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж Хайек үзсэн байна. Томоохон компаниуд буюу үүнээс илүүтэйгээр томоохон банкууд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтийг хэвлэх, гүйлгээнд гаргах эрхтэй байж болно.Хэрэглээний хамрах хүрээ, үнэ өртөг, худалдан авах чадварын тогтвортой байдал зэргээс хамааран иргэд болон бусад компаниуд аль компанийн мөнгийг сонгохоо өөрсдөө шийднэ. Хувийн бизнесс эрхлэгчид ийнхүү мөнгөн тэмдэгт хэвлэж эргэлтэд оруулснаар инфляцийг хяналтанд байлгах ба энэ нь Засгийн газар мөнгө хэвлэн инфляци хөөрөгдөхийг хязгаарлах болно гэжээ.Үүнээс гадна хувийн мөнгө гаргагчид нь өөрсдийн нэр хүнд болон мөнгөнийхөө худалдан авах чадварт үргэлж анхаарал тавина. Энэ нь хэт их мөнгө гаргахгүй байх сонирхлыг тэдэнд төрүүлнэ гэж Хайек боджээ.

Засгийн газрын оролцооноос шалтгаалж эдийн засгийн хүндрэлүүд гарч байна гэсэн санаа 1940-өөд оноос эхлэн Хайекийн эдийн засгийн бүтээлүүдийн голлох сэдэв боллоо. Эдийн засгийн асуудалд Засгийн газар оролцохын эсрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тэрээр гүн ухаан (философи) болон сэтгэл зүйн (психолог) үндэслэлүүд дээр илүү тулгуурласан байдаг. Тухайн аль нэгэн хүн хийгээд байгууллагын хувьд олж авах мэдлэг нь хязгаарлагдмал байдгийн нэгэн адил хүний хүчин зүйл ч гэсэн өөрийн гэсэн хязгаартай гэж Хайек онцлон тэмдэглэжээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс эдийн засгийн ерөнхий харилцааг ойлгож болох боловч тухайн тэр цаг мөчид яг ямар хэмжээнд тэр харилцаа байгааг хэн ч хэлж мэдэж чадахгүй. Нийгмийн ухаан нь байгалийн шинжлэх ухаанаас үндсээрээ өөр хэмээн Хайек (1955) үзэж байв. Хүмүүс байгалийн хууль жамын дагуу явдаг шигээ эдийн засгийн хуулийг сахиж мөрдөнө гэж бараг үгүй. Тиймээс байгаль орчинг шинжлэх ухаанаар дамжуулан хянадаг шиг хүний нийгмийг хянах оролдлого нь бүтэхгүй зүйл. Эдгээр итгэл үнэмшил нь эдийн засагт мөн тусгалаа олсон байх бөгөөд эдийн засгийн асуудалд Засгийн газар оролцохгүй байх Хайекийн сургаалийн тулгуур суурь болсон байдаг. 

1930 болон 1940-өөд оны үед төлөвлөгөөт эдийн засгийн нэг давуу тал нь тухайн эдийн засаг дахь нийт бараа бүтээгдхүүний эрэлт нийлүүлэлтийг тооцон гаргаад үүнээсээ уламжлан үнийн зохицуулалтыг хийх бололцоотой гэж үздэг байв. Тэр байтугай эдийн засаг маш ээдрээтэй нэгдсэн цогц тул төлөвлөгч эдийн засагчид нь маш сайн хийсэн математик загварчлалыг ашиглах замаар зах зээлийн харилцаанаас илүүтэй зохицуулалт хийж ажиллаж чадна гэж зарим эдийн засагчид (Лангег үзэх) тооцож байв. Өөр зарим эдийн засагчид (Галбрайтыг үзэх) компаниуд томрон улам бүр монополь шинжтэй болох тусам үүнийг зохицуулахын тулд Засгийн газарт төлөвлөлт хэрэгтэй гэж үзэж байжээ.

Хайек тэдгээр эдийн засагчдийн үндэслэл тайлбаруудыг өөрсдийнх нь эсрэг ашигласан байдаг. Эдийн засаг нэгэнт ээдрээтэй нэгдсэн том цогц юм бол нэг ч хүн бүхэл бүтэн эдийн засаг яг хэрхэн ажиллаж байгааг тооцон ойлгож чадахгүй. Тэгэхээр эрэлт нийлүүлэлтийн тэгшитгэлийг ямар ч төлөвлөгч яг таг тооцон гаргаж чадахгүй бөгөөд ингэснээрээ аливаа төлөвлөлт нь үр дүнгүй байна. Үүнтэй нэгэн адил Кейнсийн “салхины дагуу дарвуулаа өргөх” (fine -tuning) онолоор макро-эдийн засгийг удирдах нь бас боломжгүй. Учир нь зах зээлийн эдийн засгийг бүрдүүлж буй олон бүрэлдхүүн хэсгүүдийн нөлөөллийг бүгдийг нь ойлгох, мэдэх боломж шийдвэр гаргагч нарт байхгүй. Улс орны эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахын оронд Засгийн газрын бодлого нь эдийн засгийн системд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдийн засгийн байдал нь хүн амын амьжиргааны түвшинд шууд нөлөөлдгөөс үүдэн Засгийн газрын бодлого нь хүн амд ч бас сөргөөр нөлөөлж байдаг хэмээн Хайек тайлбарласан байдаг.

Засгийн газрын эрх мэдлийг монополийг хязгаарлахад ашиглах тухайд ч гэсэн Хайек өөрийн гэсэн бодолтой байв. Монополь гэдэг нь өөрөө Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн хэмээн тэр үзжээ. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчид нь импортыг хягаарлахын тулд Засгийн газрыг лоббидно. Мөн түүнчилэн өөрийн салбартаа бусдыг оруулахгүйн тулд төрөл бүрийн зөвшөөрөл лицензийн тогтолцоог Засгийн газраар дамжуулан бий болгоно. Томоохон компаниуд илүү хүчтэй болсон ч гэсэн чөлөөт өрсөлдөөн нь (шинээр өрсөлдөгчид гарч ирэх магадлал гм) эдгээр компаниудыг илүү үр ашигтай ажиллах, хэрэглэгчдийн хүсч буй бараа таваарыг аль болох доогуур үнээр нийлүүлж борлуулж байхад байнга чиглүүлж байдаг хэмээн Хайек тэмдэглэжээ.

Хайек үүнээс ч илүү цаашаа явсан байдаг. Засгийн газрын бодлого нь хувь хүмүүсийн эрх чөлөөг боон хаагдуулдаг бөгөөд биднийг барлаг зарц болох тэр зам руу хөтөлдөг хэмээн тэр үзжээ. Энэ үзэл бодол нь социалист систем төдийгүй аливаа төлөвлөлт хийж буй болон ажилгүйдлийг багасгах оролдлого хийж буй капиталист системд аль алинд нь хамаатай гэжээ. Энэ нь эдийн засгийн шударга тогтолцоо гэсэн нэрийдлээр орлогын дахин хуваарилалт хийх Засгийн газрын аливаа оролдлогыг ч үгүйсгэсэн байна. Зах зээлийн эдийн засгийн аливаа үр дүнг шударга эсвэл шударга бус гэж дүгнэх нь уулаасаа хууль бус хэмээн Хайек (1976) хатуу итгэлтэй байв. Орлогын хуваарилалт нь бодит амьдрал бөгөөд зах зээлийн эдийн засгийн хүчин зүйлсээс хамаардаг. Тэгэхээр шударга гэдэг ойлголт энэ тохиолдолд хэрэглэгдэх ёсгүй. Үүнээс гадна, Засгийн газрын зүгээс орлогыг дахин хуваарилах гэсэн аливаа оролдлого нь сайн гэхээсээ илүү муу үр дүн авчирна. Орлогыг дахин хуваарилах нь эдийн засгийн идэвхи санаачлагыг бууруулан эдийн засгийн “бялуунаас” хүртэх хувь хэмжээг нь багасгадаг тул ядууст цаад утгаараа халгаатай. Энэ нь эцсийн дүндээ баячуудын хувьд ч гэсэн, ядуусын хувьд ч гэсэн хүртэх орлого үр дүнг бууруулдаг. Нийгмийн бийлэгжүү хөрөнгөлөг хэсэг нь бизнессийн эрсдэлийг үүрэх, боловсрол болон урлагийг дэмжих зэрэг эдийн засгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.Мөн түүнчилэн үнэтэй шинэ барааг хамгаас түрүүлэн хэрэглэж энэ нь амжилттай байх юм бол бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэх, улмаар үнийг нь бууруулах боломжийг нийгмийн энэ бүлэг л олгодог. Тэгэхээр нийгмийн энэ идэвхитэй хэсгийн идэвхи санаачлагыг мохоосноор ядуус ч мөн адил хохирно гэжээ. Харин төрийн хэмжээнд авлига авч, төрийн мөнгөөр хөлжигчид л хождог.

Эдийн засгийн үр дүнг тэгшитгэхийн тулд бүх хувь хүмүүст эдийн засгийн адил тэгш боломж олгох талаархи Засгийн газрын аливаа оролдлогыг Хайек (1944) хүчтэй эсэргүүцэж байв. Адилхан боломж гэсэн ойлголт нь зэрэглээ адил хуурмаг зүйл гэж тэр тооцсон байдаг. Тухайлбал, бүх хүүхдэд гарааны адилхан боломж олгоно гэдэг нь эцэг эхийнх нь эд баялаг хөрөнгийг тэгшитгэн нэг ч хүүхэд бусдынхаа дээр гарахгүй байх тийм нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Энэ нь бас бүх эцэг эхийн орлогыг адилхан хэмжээнд байлгаж, нэг ч хүүхэд ямар нэгэн давуу байдалтай болох ёсгүй гэсэн үг. Адил тэгш боломж бүрдүүлнэ гэснээрээ Засгийн газар нь ийнхүү тоталитари буюу дарангуйлагч төр байхаас өөр аргагүй гэж Хайек үзжээ.

Гэхдээ тэгш байдлыг Хайек өөр агуулгаар нь дэмжсэн байдаг. Эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэгт тэр итгэлтэй байв. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байснаар, хууль бүгдэд нь адил тэгш үйлчилснээр Төр засгийн дарангуйлсан болон хүчирхийлсэн аливаа үйлдлийг таслан зогсоох эрх чөлөөг хамгаална гэж Хайек (1976) үзсэн байдаг.

Эдийн засагч гэсэн агуулгаараа Хайекийн оруулсан гол хувь нэмэр нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн давуу тал болон үнээр дамжуулан авах мэдээллийн талаархи түүний үзэл бодол юм. Хувь хүмүүсийн эрх чөлөөг хаан боогдуулах, эдийн засгийн үр ашийг бууруулах, улмаар амьжиргааны түвшинг бууруулах шууд үр дагавартай тул зах зээлийн эдийн засгийг халах, хяналтандаа авах гэсэн аливаа оролдлогыг няцаах ёстой гэсэн дүгнэлт рүү Хайекийн үзэл баримтлал өөрийн эрхгүй хөтлөн авчирдаг. Зах зээлийн харилцаа бол өөрөө өөрийгөө зохицуулдаг хөдөлгүүр бөгөөд эдийн засгийг хөгжөөн цэцэглүүлэх үндэс суурь гэж Хайек үзжээ. Зах зээлийн харилцааг зохицуулах гэсэн Төр, Засгийн газрын аливаа бодлого болоод оролдлого нь иргэдийг эдийн засгийн хувьд хохироодог бөгөөд эрх чөлөөг хязгаарлан боомилдог байна.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН