• Монгол орон мандан бадраг!

Монголчууд ба Хорезмчуудийн анхны тулалдаан


 

Чингис хаанаас зугтаасан Найманы Хүчүлэг хан өөрийн цэрэгтэйгээ Хаялык ба Алмалыкын хязгаарт дутаан очиж тэндхийн захирагч Мамду-хан ибн Арслан хантай холбоо тогтоов. Мамду хан хэлсэн нь: Хоёул Кашгар уруу Гүр ханд довтлож түүний эзэмшлийг байлдан дагуулья хэмээн санал тавьсан боловч Хүчүлэг зөвшөөрсөнгүй. Үүний өмнөхөн Хар Хятаны Гүр ханы арми Хорезмийн султан Ала ад Дин Мухаммадад ялагдаж, ихэнх газар нутаг, хотуудаа түүнд алдсан байв. Гэвч удалгүй Хүчүлэг хан, Мамду хан хоёр Хаялыкаас гэнэт Гүр ханыг гэнэдүүлэн довтлож хаант улсыг нь булаан авав.

Үүнийг сонссон Хорезмтйн султан Мухаммад нь Хүчүлэг ханд элч илгээн хэлүүлсэн нь: “...Би өөрийн эр зориг, илд мэсийн хүчээр түүний улс орон, хотууд, алт мөнгө, эд баялагийг олж авсан юм. Гүр хан надад өөрийн охин Тугай хатунг өгөхөөр гуйсан тул бид найрамдсан билээ. Хан чи надад Гүр ханыг охинтой нь алт мөнгө, үнэт эдлэлтэй нь илгээвэл сайнсан, үгүй бол би өөрөө чам дээр очно, тэр цагт чиний сэлэм, чиний бэхлэлт чамайг хамгаалж чадахгүй гэдгийг сана...” гэжээ.

Султан Мухаммадын шаардлагыг сонсоод хөгширч доройтсон Гүр хан, Хүчүлэг ханы өмнө сөхөрч: “.. Султаны шаардсанаар охиныг минь бүү явуулаач, тэр минь надад үлдсэн ганц амьдрал минь...” хэмээн уйлан гуйж байсан тул Хүчүлэг хан түүнийг өрөвдөж Султанд эелдгээр татгалзан түүнд бэлэг сэлт илгээв. Султан Мухаммад олон удаа элч явуулан шаардлагаа хэлүүлж байсан боловч Хүчүлэг хан, Гүр ханыг хамгаалан түүнийг нь няцаасаар байлаа. Хамгийн сүүлд Султан өөрийн итгэлт ноёдын нэгэн эмир Мухаммад ибн Кара-Касим ан-Насави гэгчийг явуулсан боловч Хүчүлүг хан түүнийг нь барьж аваад гинжлээд хорьчихов. Эмир Ан-Насави хэсэг хугацааны дараа оргож чадсан бөгөөд буцаж очоод султан Махамудад болсон явдлыг бүгдийг өгүүлэв. Сонсож хилэгнэсэн султан Мухаммад 60,000 морин цэрэгтэй Хүчүлүгийн эсрэг хөдлөв.

Энэ үед Хятадад байсан Чингис хаан, Хүчүлэг хан Кашгар, Балагасунг эзлэн авч Хар Хятаны Гүр ханыг эрхшээлдээ оруулсныг дуулсан байлаа. Тиймээс Хүчүлэг ханыг довтлуулахаар ууган хүү Жочи ханд 20,000 цэрэг өгч илгээв. Мухаммад султан, Хүчүлэг ханы багахан ангиудыг бут цохисоор цэргийн хамт Иргыз гол дээр ирэх үед голын ус сайн хөлдөөгүй байсан тул боломжтой мөчийг хүлээхээр голын дэргэд саатав. Хэдэн өдрийн дараа боломжтой мөч ирсэн тул голыг гатлан яаралтайгаар Хүчүлэг ханы зүг довтолголоо. Гэтэл удалгүй түүний толгойн отрядаас элч ирж: тэднээс ойрхон ямар нэгэн морьтонгууд байгаа тухай мэдээлэв.

Тэдгээр морьтонгууд бол Чингис хааны зарлигаар Хүчүлэг ханыг довтлон бут цохиод буцаж яваа Жочи ханы удирдсан Монголын цэргүүд байлаа. Гэнэт тулгарсан хоёр арми өөд өөдөөсөө харан байлдааны бэлэн байдалд орж, дайтахад бэлэн жагсацгаав. Монголчуудын зүгээс элч довтолгон ирж Жочи ханы үг хэмээн дамжуулсан нь: “...Миний эцэг Чингис хаан надад: хэрэв тэр хязгаарт Султаны цэрэгийн хэсэгтэй учирвал тулалдаж болохгүй, тэдэнд хүндэтгэлтэй хандаарай хэмээн тушаасан билээ. Бид өөр хэргээр явна...” гэв.

Нэгэнт Монголчуудын цөөхнийг мэдсэн Султаны түшмэд, жанжид, ойр дотныхон түүнд хэлсэн нь: “...Бид хэдэн отрядаа явуулахад тэднээс үнс л үлдэнэ, салхи түүнийг нь хойд эсвэл өмнө зүгт туучихна даа...” гэцгээв. Үүнд нь омогших сэтгэлд автсан султан Мухаммад, Монголчуудын элчид хариу хэлсэн нь: “...Хэрэв Чингис хаан чамайг надтай битгий тулалдаарай гэсэн юм бол бүхний дээд Аллах надад та нартай тулалд хэмээн хүсэж, над руу ялалтын тугийг илгээж байна. Надад та нартай юм уу, эсвэл Гүр хан, Хүчүлэг хантай тулалдах ямар ч ялгаагүй, та нар бүгдээрээ Аллахын дайсан, буруу номтнууд...” хэмээв.

Хэдийгээр сөргөлдөөн тэмцэлээс зайлах арга замыг эрэлхийлж байсан ч тулалдахаас өөр сонголт үлдсэнгүй гэдгийг Жочи хан ухаарав. Тулалдаан эхлэв. Жочи хан өөрийн биеэр цэрэгтэйгээ Султаны зүүн жигүүрийг хүчтэй довтлон бутцохисон тул Султаны цэргүүд зүг бүртээ зугтав. Султан олзлогдох аюул ойртож ирсэн боловч түүний баруун жигүүр Монголчуудын зүүн жигүүрийг тогтоож чадсанаар аюулаас мултарч чадлаа. Тулалдаан маш ширүүн өрнөв. Орой болоход хоёр тал маргааш өглөө тулалдахаар хоёр тийш болов.

Өглөө болоход Хорезмчүүдийг гайхруулсан явдал болсон нь Монголчууд харанхуй болоход маш их гал түлэн, шөнөөр ачаалж аваад явсан байв. Тэд 2 өдөрчийн газар хол одсон байлаа. Тэдний эрэлхэг зориг, гарамгай тулалдах чадвар нь Мухаммад султаныг айдаст автуулжээ. Ямар хүчирхэг дайсантай учирснаа тэр ойлгожээ. Мухаммад султан эргэн тойрныхондоо хандаж хэлсэн нь: “...Илд, жадаар сайн тулалддаг, ийм эрэлхэг зоригтой дайчдыг би урд өмнө нь хаана ч харж байгаагүй билээ...”

Тайлбар:
1. Энэхүү тулалдааны он цагийг түүхчид олон янзаар бичжээ. Ибн Ал-Асир х.616 онд гэсэн бол Мухаммад ан-Насави х.617 онд болсон гэж. Ерөнхийдөө х.616 он нь 1219 он, х.617 он нь 1220 он гэж үзэж болно.
2. Энэ тулалдааны тухайд шууд бичигдсэн зүйл байхгүй ч “Монголын нууц товчоо”-нд холбоотой хэсэг бий.
3. “Монголын нууц товчоо”. 236-р бүлэг: “...Сүбээдэй баатар, төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрнөө тэнд гүйцээж сөнөөгөөд ирэв...” жич: энэ тухай бас 199-р бүлэгт бичэгдсэн.
4. “Монголын нууц товчоо”. 237-р бүлэг: “...Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гун гэдэг газарт гүйцэж сөнөөгөөд ирэв...”
5. 236-р бүлгийн Сүбээдэй Чүй мөрнөө Мэргидийн үлдэгдэлийг нэхэн довтолсон түүх бол 1217 оны явдал билээ. Энэ үед Хиргисүүдийн бослогыг дараад байсан Жочи хан хөвүүн цэрэгтэйгээ ирж Сүбээдэй баатартай нэгдсэн байдаг. Тэднийг Мэргидийн үлдэгдлийг бут цохиж хядсан яг тэр цаг мөчид Хорезмийн шах Мухаммед их цэргийн хамт тулалдаан болсон газар ирж үхлүүт шархадсан Мэргид дайчнаас байцаалт авсан байдаг. Улмаар Монголчуудтай тулалдах гэж мөрөөр нь мөшгисөн байна. Монголын жанжин нар элч явуулан хэлүүлсэн нь: “...Чингис хаан, султан Хорезмийн шахтай байлдах зөвшөөрлийг бидэнд өгөөгүй. Бид өөр хэргээр явна...” гэсэн байдаг. Гэвч Хорезмчүүд байлдааны байрлалд шилжсэнээр хоёр талын хооронд ширүүн тулалдаан болж Монголчуудын ялалтаар өндөрлөж, Хорезм шах арай л олзлогдолгүй ухран байрласан байдаг. 
6. 237-р бүлгийн Зэвийн Найманы Хүчүлэг ханыг устгаж ирсэн он цаг бол 1218 оны явдал болно. Энэ явдал одоогийн Афганистаны зүүн хойд, Таджикстаны улсын зүүн хэсэг дэх Бадахшаны нуруунд болсон. Уйгурын Идикүт 300 цэрэг дагуулан энэ аянд оролцсон байна. 
7. Хэдийгээр үйл явдлуудын халуун мөрөөр бичигдсэн ч гэсэн түүхчидийн мэдээ зөрдөг. Тэгэхээр миний бие Жочи хан, Сүбээдэй баатар нарын Хорезмийн Мухаммад султантай тулалдсан оныг Рашид ад Дин болон “Монголын нууц товчоо”-ы мэдээг үндэслэн 1217 он гэж үзэж байгаа юм.
8.Үргэлжлэл бий

Бичсэн: Ю. Пүрэвдорж.

 

2018 оны 5 дугаар сар 19.

 

 

ШИНЭЭР НЭМЭГДСЭН