• Монгол орон мандан бадраг!

ЖАЛАЙР АЙМАГ


“Жами ат-таварих” 1311 он

Түүний салбарууд, Чингис хааны түүхэнд өгүүлэхээс өөр энэ аймагт холбогдох зарим өгүүллэг.

Энэ аймаг өнгөрсөн үед олуулаа байсан, түүний салбар бүр нь дарга ноёнтой байжээ. Чингис хааны үед, мөн одоо ч Туран, Иранд олон ноён байна. Тэдний нэг хэсэг нь Ононд байв. Эрт үед Хятадын цэрэг Жалайрын нэг хэсгийг хядахад ердөө цөөн хүн зугтан гарч чаджээ. Тэд зугтан зайлахдаа Дутум Мэнэний гэргий Монулунг алсан гэж ярьцгаадаг. Жалайрын бусад овог тэр хүмүүсийг байцаан “Та нар яагаад ийм хэрэг үйлдэв ээ?” гэж асуусан.Ийм шалтгаанаар тэдний заримыг алсан, харин үлдсэн зарим нь Дутум Мэнэний 2-р хүү Хайду хан, түүний хүүхэд, төрөл садангийн олзны хүмүүс , боолчууд болж, өвгөөс өвөгт өвлөгдөн шилжсээр эцсийн дүнд Чингис хаанд хүрсэн, үүний улмаас тэдгээр аймаг Чингисийн унгу боол болсон. Чингис хааны овгийн үед тэр аймгаас цэргийн ноёд, нэр хүндтэй хүмүүс олон гарсан.

Тэдний орон гэр нь Хар-Хорумын Кимад байсан, хэтэрхий үнэнч байсан болохоороо Уйгурчуудын эзэн Гүр ханы буурны тэжээлд шар тос хийж өгдөг байсан гэж ярилцдаг юм. Ийм болохоор тэднийг Белагэ гэжээ. Жалайр аймаг нь 10 том салбартай. 
1. Жат 
2. Тукарун
3. Кунсаут
4. Уят
5. Нилкан
6. Кургин
7. Тулангит
8. Тури
9. Шанкут
10. .........

Чингис хааны үед Жалайрын бүх аймгаас хамгийн алдартай нь ахмад Жат угсааны Мухулай Гоо ван байсан. Чингис хааны зүүн гарын бүх цэрэг түүнд захирагддаг, түүний удмыг мөн Гуо ван гэж нэрлэдэг, энэ нь Хятад хэлээр Төрийн ван гэх утгатай.

Энэ аймгаас энэ /Иран/ улсад түмтийн ноён Жаукур, түүний дүү Умук нар байсан. Чингис хааны үед Жочи Дармала, түүний дүү Жочи Чаурхан хоёр байсан, тэднээс болж Чингис хаан, Тайжуудын хооронд дайн болсон шалтгааныг хожим өгүүлэх болно.

Жалайр аймгийн өөр нэг ноён Хадаан ноён гэдэг нь Чингис хааны бараа бологчидын нэг байсан. Илүхэ гэдэг хүүтэй байсан. Чингис хаан энэ Илүхэйг цэрэгтэй нь хамт хүү Өгөөдэй хаанд өгсөн, учир нь Өгөөдэйг хүүхэд ахуй цагт нь эцэг шиг нь энхрийлдэг авга ах нь байжээ. Тэрээр Өгөөдэй хааны үед шүтэгдсэн хүндтэй ноён байсан.

Хайду нь Илүхэ ноёны хүү Данишменд гэгчийг Абага хаанд элчингээр илгээсэн. Илүхэ өөрийн татвар эмтэй самуурсан учир дүү Илжигдэйг алахаар завдахад нь тэр зугтан Өгөөдэй хаанд хүрч очсон. Илүхэ түүнийг Өгөөдэй хаанд бэлэглэн өгчээ. Өгөөдэй хаан энэ Илжигдэйг өөрийн дэргэд Шихихутугтай хамт үргэлж байлгаж, өгзөгөө өргүүлж, хааны ордонд байлгах болсон. Илжигдэй аятай дүйтэй байх, ёс журам сахих ур чадварыг сурч, яваандаа хүндтэй ноён болсон.

Мөнх хааны үед Жато овгийн Мөнхсар ноён гэж Заргачдын ахлагч, Их ноён байв. Мөнх хаан цэрэг толгойлон Кипчак нутгийг довтлон эзэлсэн дайнд Мөнхсар зүтгэлтэй байв. Мөнх хаан Кипчакийн язгууртнуудыг түрүүлүүлэн Хааны өргөөнд аваачиж хүргэхийг түүнд даалгасан. Тэр энэ талаар их зүтгэсэн. Түүний хүүхдүүдээс энэ улсад Хандухур ноён байсан. Мөнх хаан түмт цэрэг байгуулахаар түүнийг илгээсэн.

Тукараун аймаг, түүний овгийн Тайжи ноён, түүний хүү нь Балту ноён. Бага Азид байхдаа цаазлагдсан. Балтугийн ах нь Иса юм. Мянганы ноён Бартас ноён бас энэ аймгийнх. Чингис хааны үед Бүрхэ гэдэг өөр нэг ноён байсан. Чингис хаан түүнийг Зэв, Сүбээдэйтэй энэ улс уруу томилон явуулсан. Түүний хүү Наурчи нь Хааны бичээч, урд нь Никудерийн бичээч байв.

Чингис хааны үед бараа бологчид байсан баруун гарын цэргийн ноёдын дотор Бала ноён байв. Султан Желал ад Дин нь Синд мөрнийг гатлан зугтахад хөөлгөхөөр түүнийг Хиндустан уруу илгээсэн. Султаныг олоогүй тул Хиндустаны нэг хэсгийг дээрэмдээд Чингис хаанд буцан ирж нийлсэн. Түүний ах Архай-Хасар ноён гэдэг нь мөн баруун гарын түмтийн ноён юм.

Чингис хааны цэргийн зүүн жигүүрийн түмтийн ноёдоос Есүр нь Жалайр аймгийнх байв. Түүний хөвүүдээс Курут нь Их хаанд элчин төлөөлөгчидтэй очиж байв. Мөн тэрчилэн зүүн жигүүрийн цэргийн нэг мянганыг Жалайр аймгийн ах дүү хоёр захирч байв. Нэгийг нь Ухай халжа, нөгөөг нь Харачу гэдэг байв. Тэд Чингис хааны хуучин зарц нар байсан, түүний эцэг өвгөдөд бусад ноёдоос илүү зарцлагдаж байлаа. Тэд эрт үеэс маргашгүй эрх дархтай байсан учир Чингис хаан тэднийг ахмад ноёдынхоо дотор байлгах гэсэн боловч тэд зөвшөөрсөнгүй, хэлсэн нь: “...Чиний эцэг, Есүхэй баатар хонь харж бай гэж бидэнд зөвлөсөн юм...” гэжээ. Ийм учир тэд нэгэн мянгатыг захирч, Их хааны хувийн хонийг харж байв.

Хорасан, Мазандеран дахь ордны ноён байсан Сартак ноён, түүний эцэг Саба болон Хачар ноён нар мөн энэ овгийнх байв. Мэргид аймаг аятай боломж ашиглан Чингис хааны гэрийг дээрэмдэхдээ Жочийг гэдсэндээ тээсэн түүний гэргийг олзлон аваад Ван ханд илгээсэн байжээ. Ингэсний шалтгаан нь Мэргэд аймаг, Ван хантай хоорондоо найрамдалтай байв. Ван хан Чингисийн эцгийн анд, түүнийг өөрийн хүү гэж үздэг байсан болохоор түүний гэргийг бэр шигээ үзэн харж хандан байсан гэж ярилцдаг. Чингис хаан мэдээ сонсоод эзэгтэйгээ авахыг хүсэн Сартакын эцэг Саба ноёныг явуулсанд Ван хан эзэгтэйг эрхэмлэн хүндэлж, өгч явуулжээ. Тэд Чингис хаан уруу ирж явах замд Жочи төржээ. Зам аюултай байсан болохоор бууж өлгий хийх аргагүй байжээ. Гурил зууран, түүгээр хүүхдийг ороогоод хормойдоо хийж, биеийг нь гэмтээлгүй аятайхан авч явжээ. Гэнэт цочмог төрсөн тул хөвүүнийг Жочи гэж нэрлэжээ.

Мухулай Гоо вангийн ах Тайсун гэдэг нь зүүн гарын нэг мянганыг захирч байв. Илгай ноёны садангаас Дуладай ноён буурчи байв. Өгөөдэй хаан өөрийн хүү Годанд түүнийг цэрэгтэй нь өгсөн. Чингис хааны дөрвөн том ордын журам сахиулагч байсан Улдур хорчин мөн Жалайр аймгийнх байв. Тэр Чингис хааны хувийн мянгатын зуутыг захирч байв. Чингис хаан хүүхдүүддээ цэрэг соёрхохдоо Жалайрын Мүгэ ноёныг Цагаадайд өгсөн. Түүний хүү Есүр нь Борогийн цэргийн ноён байв. Түүнийг Их Есүр гэдэг байсан.

Тайлбар:

1. Энэхүү өгүүллийг Рашид ад Дин “Жами ат таварих” буюу “Судрын чуулган”-ы “Жалайр аймаг” бүлгээс бага зэрэг товчлон орууллаа. Энэхүү “Жами ат таварих” хэмээх Монголчуудын бүрэн хэмжээний анхны түүхэн бүтээлийг Иран дахь Илхаадын улсын Монголчууд, Чингис хааныг нас барснаас ердөө 70-хан жилийн дараа бичсэн болно.
2. Жалайрын нэг хэсгийг хядсан Хятадын цэрэг гэдэг нь Киданы Ляо улсын цэрэг болно. 
3. Мухулай бол Жалайрын Гүн гоогийн 5 хөвүүний дундах 3- р хөвүүн бөгөөд 13 наснаас эхлэн Монгол Төрийн төлөө 40 он зүтгэсэн билээ.
4. Жочи Дармала – хэдийгээр “Монголын нууц товчоо”-нд нэр нь Жамухатай холбоотой үйл явдалд дурдагдах төдий өнгөрдөг ч гэсэн энэ хүн тухайн цагийн Монголын түүхийн нэгэн “нууц ноёнтон” мөн. Түүний хажууд Зэв, Сүбээдэй хоёр бол “Нууц товчоо”-нд бичигдсэн ноёдын дараалалд тээр хол эрэмблэгдсэн байгаа.
5. Хадаан ноён бол бүр эртнээс Чингис хааны буурчи байсан. Түүний хүү Илүхэйг, Чингис хаан хүү Өгөөдэйд өгсөн. Илүхэйн дүү Илжигдэй нь Өгөөдэй хааны эрин үед бүх ноёдыг ахлаж байв. Энэ Илжигдэйн хүү нь Зүүн Европ уруу хийсэн аян дайны үед ханхүү Гүюгийн шадар явж найран дээр Жочийн хүү Бат ханыг доромжилсон гэж “МНТ”-г бичигсэд “Товчоо”-гоо бичихдээ түүнийг заналхийлсэн байдаг. Үнэхээр ч хожим Мөнхийг хаан ширээнд суусны дараа Илжигдэйг Персээс дуудан баривчилж цаазлан, Батыг доромжилж байсан түүний хүүгийн аманд шороо чихэж цаазалсан билээ.
6. Мөнхсар ноён бол Мөнх хааны үед Заргачдын ахлагч ноён байсан бөгөөд Их хааныг дагаж Өмнөд Сүн улсыг дайлах аян дайнд оролцож байхдаа нас барсан. Мөнхсар ноён амьд байсан бол Хубилай хаан ширээг булаан авахад маш хэцүү байх байсан болов уу.
7. Балту ноён Абага хааны үед Рүмийн захирагчаар томилогдсон бөгөөд хожим Газан хааны үед 1297 онд бослого гаргаж үймээн дэгдээсний улмаас цаазлагдсан.
8. Бүрэ ноёнг Зэв, Сүбээдэй нартай Хорезмын шахыг мөрдсөн аян дайнаас буцан ирж явахдаа нас барсан гэдэг.
9. Бала ноён Мөнхийг хаан суусны дараа цаазлагдсан. Түүний ах Архай-Хасар нь Чингис хаан Алтан улсын Жүндүг эзлэхэд Алтан улсын түшмэлийн авчирсан бэлгийг авсан тул Чингис хаанд зэмлэгдэж байсан билээ.
10. Ухай халжа, Харачу ах дүү ноёдын түүхээс Чингис хаан залуудаа 8-хан шаргатай болтлоо доройтоогүй юм байна гэдгийг харж болж байна.
11. Саба, түүний хүү Сартак нарын тухай хэсэгт “Нууц товчоо”-нд огт бичигдээгүй ханхүү Жочийн мэндэлсэн түүх тодорхой бичигдсэн байна.
12. Дуладай буурчи Тулуйн ордны ноён байсан. Тулуйг нас барсаны дараа Өгөөдэй хаан түүнийг цэрэгтэй нь өөрийн хүү Годунд өгсөн. Үүнийг нь Чингис хааны ахмад ноёдууд болох Жатай ноён, Шихихутуг ноён гэх мэт ноёдууд эрс эсэргүүцэж байсан байдаг.
13. Мүгэ ноёны хүү Их Есүр нь Цагаадайн Борог хааны ноёдын толгойлогч байсан. Борог түүний зөвлөлгөөг дагаагүйгээс болж Илхаан Абагад бут цохиулж байсан билээ.

Тайлбар:

1. “Судрын чуулган” бол Монголын түүхийн арвин баялаг мэдээлэлтэй сан хөмрөг юм. Хэдийгээр товчилсон ч гэсэн “Жалайр аймаг” гэсэн энэхэн хэсгийн өгүүлбэр болгон түүх судлаачидийн хувьд судлах, хамгаалах “сэдвүүд” болж хангалттай чадах билээ. Ер нь бол 13-р зууны Их Монгол улсын үеийн нэр хүндтэй, ахлах ноёдуудын олонх нь Жалайр аймгаас байсан гэж хэлж болно. Жалайрын ван Жочи Дармала, түүний өрхийнхөн онцгой байр суурьтай байсан. Аригбуха хааны армийг удирдаж Хубилайтай байлдсан Хундахай жанжин түүний хүү байв. 14-р зууны дунд үед Илхаадын улсыг задарсны дараа Перс, Азарбайджаныг Жочи Дармалагийн удмынхан удтал захирч байсныг Цагаадайн эмир, алдарт байлдан дагуулагч доголон Төмөр л очиж буулгаж авсан билээ гэх мэт.
2. "Жами ат таварих"-ийн зураг.
3. Жалайр аймаг сэдвийн дор посттой холбоотойгоор товч тайлбар хийв.

Бичсэн: Ю.Пүрэвдорж.

 

 

ШИНЭЭР НЭМЭГДСЭН